Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Мэтагро компанийн хөдөө аж ахуйн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа

2024-06-10

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хэнтий аймагт ажиллаж, М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компанийн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон хөдөө аж ахуйн цогцолборын бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай танилцлаа.

Мэтагро компани нь Чандганы талд дэлхийн жишигт нийцсэн, нэг дор 5000 толгой үхэр бордох аж ахуй, евро стандартын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр, 10250 га талбайд ухаалаг газар тариалан бүхий хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолбор байгуулж, бүтээгдэхүүнээ “Primeat” нэртэйгээр зах зээлд нийлүүлж эхлээд байгаа юм.

Тус компани нь үхрийн аж ахуйдаа бэлчээрт өссөн бага залуу үхрийг малчдаас худалдан авч, жилийн дөрвөн улиралд тогтмол орлого олох боломжийг бүрдүүлдэг байна. Мөн Мэтагро компанийн Чандганы аж ахуйн цогцолбортоо ажилчдын тав тух, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангасан жишиг хотхоныг бүтээн байгуулсан нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудад олон талаар жишиг болохуйц бүтээн байгуулалт болоод байна.

У.Хүрэлсүх: Хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборыг бий болгож чаджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Мэтагро компанийн хөдөө аж ахуйн цогцолборын бүтээн байгуулалттай танилцах үеэр тус компанийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий олон улсын стандартад нийцсэн мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр нээлтээ хийсэн юм. Өдөрт 76 бод төхөөрөх хүчин чадалтай тус үйлдвэр нь мал төхөөрөх, бэлтгэх, боловсруулах, савлах хүртэлх шат, дамжлага бүртээ хүнсний аюулгүй байдлыг хангаж, антибиотик болон вакцины үлдэгдэлгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.

Гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар бүс нутагтаа экспортлогч орон болох зорилтод хувь нэмэр оруулж байгаа бүх оролцогч талуудад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархлаа илэрхийлээд “Монгол Улс усан далайд гарцгүй ч хүн далай буюу зах зээлд том гарцтай орон. Монгол Улсыг тойроод 1.6 тэрбум хүн амьдарч байна. Энэхүү хүн далайд гарцтай болж чадвал бид баян чинээлэг улс болж чадна. Үүний тулд үйлдвэрлэгч, экспортлогч улс болох ёстой. Энэ нь бидний нэгэн том зорилт. Энэхүү зорилтод хувь нэмрээ оруулж, экспортлогч улс болох эхний алхмуудыг хийж, хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборыг танай хамт олон байгуулж чадсаныг хараад бахархаж байна. Зохион байгуулалттай, шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн сүүлийн үеийн технологиудыг суурьшуулсан, хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборыг бий болгосон М-Си-Эс Группийн хамт олон болон бүх оролцогч талуудад талархал илэрхийлье” гэсэн юм.

Ж.Оджаргал: Хөдөө аж ахуйн цогцолбор байгуулахад 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна

Мөн энэ үеэр М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал “М-Си-Эс Группийн хамт олон бид бизнесийн салбарт хуримтлуулсан мэдлэг туршлагадаа түшиглэн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын тооцоо, судалгаа хийж тулгамдсан асуудлуудыг аль болох цогцоор нь шийдвэрлэхийн тулд газар тариалан, эрчимжүүлсэн мал аж ахуй хосолсон цогцолбор байгуулахыг зорьж, энэ бүтээн байгуулалтыг хоёр жилийн өмнө эхлүүлсэн. Амаргүй ажил гэдгийг анхнаас нь мэдэж байсан ч хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, цаашлаад улсын эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой төсөл учраас бид зориглож 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Энэ бүх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үр шимийг нэн тэргүүнд малчид, хэрэглэгчид шууд хүртэж байгаа ба үүнийг дагаад жижиг дунд үйлдвэрүүд кластер байдлаар хөгжинө гэж найдаж байна.  Төрөөс бодлогоор дэмжиж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар босгож буй хөдөө аж ахуйн хөгжлийн төлөөх эдгээр бүтээн байгуулалтад бүх талын оролцоо, хувь нэмэр чухал. Монгол махыг дэлхийн брэнд болгохын төлөө, төр хувийн хэвшил хүчээ нийлүүлэн хамтран зүтгэцгээе” гэсэн юм.

Б.Солонго: Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 339 малчнаас 4.2 тэрбум төгрөгөөр үхэр худалдаж аваад байна

Мэтагро компанийн гүйцэтгэх захирал Б.Солонго “Өнөөдрийн энэ бүтээн байгуулалтыг бий болгоход хоёр жил хагасын хугацаанд гадаад, дотоодын болон орон нутгийн 675 гаруй компаниас 103 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ авч, үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 339 малчнаас 4.2 тэрбум төгрөгөөр үхэр худалдаж аваад байна. Мөн бид 200 гаруй ажлын байр шинээр бий болгосноос 60 гаруй нь орон нутгаас, тэр дундаа Хэнтий аймгаас ирж ажиллаж байна. Хүнсний хувьсгалын хүрээнд махны хувьсгал хийхийг зорьж ажиллаж байгаа манай хамт олныг бүх талаар дэмжин ажиллаж байгаа Засгийн газар, Хэнтий аймгийн удирдлага, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд энэ завшааныг ашиглан талархал илэрхийлье” гэсэн юм.

Бидний тухай

М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компани нь олон улсын стандартад нийцсэн, өндөр чанартай хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүнийг эрчимжсэн мал аж ахуй болон ухаалаг газар тариаланг хослуулан хөгжүүлэх замаар дотоод болон гадаадын зах зээлд өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх зорилготойгоор 2021 онд байгуулагдсан.